Categories
News

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН САЛБАР СТРАТЕГИЙН ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧТАЙ БОЛЖ БАЙНА

2013 оны 8 дугаар сарын 2, Улаанбаатар –Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн Яамнаас ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/ болон Япон Улсын ОРИКС Корпорацийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр баталгаажуулснаар ТСНэгдэлийг стратегийн шинэ хөрөнгө оруулагчтай болох зөвшөөрлийг олголоо гэж тус нэгдлээс мэдээлэв. ОРИКС Корпорацийг ТСН-ийн шинэ хувьцаа эзэмшигчээр бүртгэх асуудлыг Монголбанкнаас холбогдох журмынхаа дагуу шийдвэрлэх юм. Хөрөнгө оруулалтын гэрээгээр Орикс Корпораци нь ТСН-ийн нийт хувьцааны 16 хувийг эзэмших болно. Орикс Корпорацийн энэхүү хөрөнгө оруулалт нь компанийн өмчлөлтэй холбоотой томоохон бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг бөгөөд одоогийн зарим хувьцаа эзэмшигчид хувьцаагаа шинэ хөрөнгө оруулагчдад худалдаж, зарим шууд бус хувьцаа эзэмшигчид шууд хувьцаа эзэмшигч болж байна.

Энэхүү өөрчлөлтийн хүрээнд ТСН-ийн одоогийн хувьцаа эзэмшигч Дэлхийн Банкны Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/ нь ТСН болон түүний охин компани болох ХасБанктай хамтын ажиллагааны хоёр гэрээ байгууллаа. ОУСК нь ТСН-ийн нийт хувьцааны 15 хувийг эзэмшдэг байсан бол энэхүү гэрээний үр дүнд 19 хувийг эзэмшихээр болов. ОУСК-ын ХасБанктай байгуулсан хамтын ажиллагаа нь цаашид банкны чадавхийг бэхжүүлэх болно.

Бүтцийн өөрчлөлтийн хүрээнд ТСН–ийн шууд бус хувьцаа эзэмшигчид байсан Монголын Алт /МАК/ Корпораци болон Ронок компани шууд хувьцаа эзэмшигч болно.

“Япон Улсын ОРИКС Корпораци Монголын санхүүгийн зах зээлд орж ирж байгаа нь олон улсын хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдад шинэ боломжуудыг нээх болно” гэж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Нямжавын Батбаяр тэмдэглэсэн юм. “Олон улсын хөрөнгө оруулагчид болон Монголын бизнес, байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн хувьцаа эзэмшигчдийн тэнцвэртэй бүтэц нь Монголын санхүүгийн салбарын засаглал, байгууллагын чадавхийг бэхжүүлэх гол хөдөлгөгч хүч нь юм” гэж Монголбанкны ерөнхийлөгч Найдансүрэнгийн Золжаргал онцлон хэлсэн байна. ТСН-ийн Гүйцэтгэх захирал Магваны Болд хэлэхдээ “Монголын болон олон улсын хөрөнгө оруулагчтай стратегийн түншлэлд нэгдсэнээр ТСН нь одоогийн бизнесийн үйл ажиллагаагаа улам хүчирхэгжүүлэхийн зэрэгцээ шинэ хамтрагч байгууллагын туршлага, ноу хау, сүлжээнд тулгуурлан бизнесийн шинэ салбаруудад хүчээ сорих зорилготой байна” гэв.

Япон Улсын Токио хотод төвтэй Орикс Корпораци (www.orix.co.jp) нь 1964 онд байгуулагдсан ба дэлхийн 27 улс орон, бүс нутагт даатгал, лизинг, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө болон аялал жуулчлал зэрэг салбаруудад санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг дэлхий даяар тархсан сүлжээ бүхий тэргүүлэгч компани юм.

ОУСК (www.ifc.org) нь ТСН болон түүний охинкомпаниудтай 1999 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2008 онд ТСН-ийн хувьцаа эзэмшигч болсон. ОУСК болон ТСН хамтран Хятад Улсын бичил ба жижиг бизнесүүдэд үзүүлэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын Шинжан Уйгарын Автономит бүсэд бичил санхүүгийн компани байгуулсан.

Монголын Алт /МАК/ Корпораци (www.mak.mn) нь уул уурхай, агаарын тээвэр, барилга болон аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалттайМонголын томоохон компаниудын нэг юм. МАК нь ОУСК болон ТСН-тэй хамтран хөрөнгө оруулж Хятадын Шинжан дахь бичил санхүүгийн компанийг байгуулсан байна.

Ирланд Улсын Ронок (www.ronoc.ie) компани нь санхүүгийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт, удирдлагын зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2008 оноос Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *