Улс төрийн нам, эвслээс хараат бус, төвийг сахих зарчмыг хэрэгжүүлэх тухай

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК, түүний охин болон хараат компани (цаашид хамтад нь “Нэгдэл” гэх) нь ил тод байдал, зохистой загаслал, улс төрийн аливаа нам, эвслээс хараат бус, төвийг сахих зарчмыг үйл ажиллагаандаа чанд баримталдаг байгууллага юм.

Нэгдэл нь ХасБанк тэргүүтэй олон нийтэд санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд. Харилцагч, зээлдэгч, хадгаламж ээзэмшигчдийн үзэл бодол, шашин шүтлэг, намын харьяалалыг үл харгалзан эрх тэгш үйлчилгээ үзүүлдэг байгууллага.

Энэхүү бодлогын хүрээнд улс төрийн нам, эвслээс хараат бус, төвийг сахих зарчмыг дагаж мөрдөх тухай ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн дотоод журмыг баталж 7 сарын 1-ний өдрөөс мөрдөж байна.

Нэгдэл нь олон нийтэд санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн нэгдэл болохын хувьд тэдгээрийн нийт ажилтанд дараах хязгаарлалтыг дагаж мөрдөхийг үүгээр үүрэг болгосон. Үүнд:

  1. Ажилтан улс төрийн аливаа нам, олон нийтийн бусад байгууллага, хөдөлгөөн болон шашны байгууллагад сонирхлоороо сайн дураараа эвлэлдэн нэгдэх, шашин шүтэхдээ Нэгдэлийн аль нэг компанийг төлөөлж буюу түүний нэрийг барьж, эсхүл Нэгдэлд ажилладаг байдлаа ашиглаж идэвхтэй оролцох, ухуулга сурталчилгаа хийх зэрэг ямар нэг үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх;
  2. Улс төрийн аливаа нам, олон нийтийн бусад байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаанд Нэгдэлийн нэр, бэлэг тэмдэг, туг, бэлэг дурсгалын зүйлс, албан тасалгаа, тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх;
  3. Ажилтан нь өөрийн эрхэлж буй албан тушаалын эрх мэдлийг аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагын эрх ашигт нийцүүлэн ашиглахгүй байх;
  4. Өөрийн албан тушаалын ажил үүргийг гүйцэтгэхдээ аль нэг нам, олон нийтийн бусад байгууллага, хөдөлгөөний эрх ашгийг хамгаалсан, бусдаас давуу байдал бий болгосон шийдвэр гаргах, сурталчилгаа хийх болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцохгүй байх;
  5. Ажил үүргээ гүйцэтгэхдээ гадны ямар нэгэн нөлөөлөлд автаж бусдын эрх ашгийг илүүд үзэх, аливаа хэлбэрийн бусад нөлөөнд оруулж болохуйц үйлдэл, эс үйлдэхүй хийхгүй байх;
  6. Нэгдэлийн өмчлөх, эзэмших, ашиглах эрхэд байгаа бүх төрлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, техник хэрэгсэл, барилга байшин, албан тасалгаа, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж, тээврийн хэрэгслийг ажлын бус буюу аливаа улс төрийн зорилгоор ашиглахгүй байх;
  7. Байгууллагад байгаа мэдээлэл, эдийн засгийн үзүүлэлт, тоо баримт, харилцагч байгууллага, иргэд, ажиллагсдын мэдээллийг улс төрийн болон хувийн зорилгоор ямар нэг хэлбэрээр бусдад тараах, дамжуулах, ашиглахгүй байх;
  8. Ажиллагсад болон харилцагчдыг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, эрхийг нь үндэслэлгүйгээр хязгаарлах, эсхүл давуу байдал олгох болон бусад ажилтан болон харилцагчдыг улс төрийн намд эвлэлдэн нэгдэх, элсэхийг уриалах, шаардах, тулгах, сурталчилахгүй байх.
  9. Нэгдэлийн ажилтан нь улс төрийн сонгуульт болон сонгуульт бус албан тушаалыг байнгын болон түр орон тоонд эрхлэхгүй бөгөөд иргэний хувьд сонгуульд санал өгөхөөс бусдаар нам, эвсэл, холбоо болон бусад олон нийтийн байгууллага байр сууриа бусдад сурталчлахад оролцохгүй байх.

Нэгдэлийн ажилтан нь улс төрийн сонгуульд нэр дэвших тохиолдолд энэ талаарх мэдээллийг өөрийн удирдах албан тушаалтан болон хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжийн захиралд шийдвэр гарсаны дараа нэн даруй бичгээр мэдэгдэх үүрэг хүлээнэ.

Нэгдэлт удирдах албан тушаалын ажил эрхэлж буй ажиллагсад улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд сонгуульт ажил эрхэлж идэвхтэй оролцож эсхүл өөр орон тооны болон орон тооны бус аливаа ажил, албан тушаалд ажиллаж байгаа тохиолдолд энэ талаар 2013 оны 6 дугаар сарын 30-ний өдрөөс өмнө бичгээр хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжийн захиралд мэдэгдэж, 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө сонгуульт ажлаасаа түдгэлзэх эсхүл эрхэлсэн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана.

Эдгээр зарчмыг чанд мөрдөж ажиллах нь Нэгдэлийн хэмжээнд ашиг сонирхлын зөрчилдөөн үүсгэхээс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж, үйлчлүүлэгч олон нийт, харилцагчийн эрх ашгийг улс төрийн үзэл бодлоос үл хамаруулан тэнцвэртэй хамгаалахад эерэгээр нөлөөлөөд зогсохгүй байгууллагын тогтвортой өсөлтийг хангахад ач холбогдолтой юм.

ТСН нь санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын нэгдэл бөгөөд ХасБанк, ХасЛизинг, ТэнГэр Даатгал, ТэнГэр Капитал, ТианРонг, ХасСекюрити зэрэг охин болон хараат компаниудаас бүрдэж байна. ТСН нь ЕСМ (29.9%), Бамбуу Файнэнс (18.7%), Олон Улсын Санхүүгийн Корпорац (15.2%), Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (11.6%), Триодос Фанд (13.5%), Мерси Корпс (7.5%) зэрэг байгууллагын хувьцаа эзэмшигчид, тус бүр 2-аас бага хувьтай 9 жижиг хувьцаа эзэмшигчтэй юм. ТСН-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://tengerfinancialgroup.com/ вэб сайтаар зочилно уу.