М.Болд: Банк нийтэд үйлчилдэг байгууллага болохоос хувьцаа эзэмшигч, удирдлагыг хөлжүүлэгч биш

"Үндэсний шуудан" сонины 2013.07.29-ний өдрийн дугаар.

ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал, Монголын нэртэй банкирын нэг М.БОЛДТОЙ банкны эргэн тойронд болж буй үйл явдлын талаар ярилцлаа.

Монголын банкны салбарт олон жил ажилласан хүний хувьд Хадгаламж банктай холбоотой үүссэн асуудал дээр ямар дүгнэлт хийж байна вэ?

өрийн банктай нэгтгэсэн нь зөв гэдэгтэй санал нэг байна. Банкны өөрийн хөрөнгө нь хүрэлцэхгүй, хувьцаа эзэмшигчид нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй, зээлийнх нь талаас илүү хувь чанаргүй, эргэн төлөгдөх боломжгүй болсон үед хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө эрсдэлтэй болдог. Тиймээс хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээсТөрийн банктай нэгтгэсэн.

Хоёр жилийн өмнөөс өөрийн хөрөнгийн дутагдалтай ажиллаж байсныг Төвбанкны хяналт шалгалтын газар илрүүлж байсан ч хэд хэдэн шаардлагыг тавьж цаашид үйл ажиллагааг нь үргэлжүүлсээр ирснийг мэдэгдсэн байгаа. Энэ хэр зөв шийдвэр байсан юм бэ?

-Ер нь банкны салбарынхан Хадгаламж банкийг алдагдалтай ажиллаж байгааг мэдэж байсан. Олон нийт ч сайн бодвол эргэн санана. Учир нь гурван жилийн өмнө үйл ажиллагаа нь доголдолтой хоёр банкийг нийлүүлж Хадгаламж банк болгосон. Тус хоёр банкны өөрийн хөрөнгө нь хүрэлцэхгүй, хувь эзэмшигчид нь нэмэлт хөрөнгө оруулах бололцоогүй болж, дээр нь зээлийн чанар муудах буюу одоогийн Хадгаламж банкинд авсан арга хэмжээ шиг хоёр банкийг нийлүүлэх шийдвэр гарч байсан. Нэлээд сулавтар хоёр банк нийлснийг хүн бүр мэдэж байгаа. Тиймээс үйл ажиллагааг нь сэргээх, бэхжүүлэх зорилгоор өнгөрсөн хоёр жил Монголбанк хувь нийлүүлэгчтэй хамтарч гаргасан төлөвлөгөөний дагуу явж байсан ч харамсалтай нь, төлөвлөсөн ёсоор болоогүй учир ийм албадлагын арга хэмжээг авсан гэж болно.

Өмнөх жилүүдэд Монголбанк уян хатан талаас нь хувьцаа эзэмшигч­тэй хамтран ажиллаж банкийг сэргээх тал руу үйл ажиллагаа хийсэн нь буруу биш. Учир нь заавал албадлагын арга хэмжээ авах биш нөхцөл боломж байвал банкийг сэргээх арга хэмжээг авах нь зүйтэй.

Хадгаламж банкийг Төрийн банктай нэгтгэсний дараагаас хадгаламж эзэмшигчид нэг өдөрт 30 сая төгрөгийн хадгаламж татсан гэх мэдээлэл бий. Ер нь цаашид иргэд хадгаламжаа ихээр татсаар байвал ямар хүндрэл гарах бол?

-Хадгаламж эзэмшигчид бол­гоомжлох нь зүй ёсны хэрэг. Гэхдээ төрийн мэдэлд очиж хадгаламж нь аюулгүй байна гэсэн баталгааг тус банкны хувьцаа эзэмшигч болох Сан­гийн яам, банкны хяналт шалгал­тыг хэрэгжүүлэгч Монголбанк батлан хэлж байгаа. Тэгэхээр иргэд, хадга­ламж эзэмшигчид тайван байж болно.

Хадгаламж банкны үйл ажил­ла­гаанд цаагуураа хөндлөн­гийн нөлөөлөл орсноос болж ийм бай­далд хүргэлээ гэж дүгнэж байгаа. Тиймээс зарим хүн ганц Хадгаламж банк гэлтгүй бусад банкны үйл ажиллагаанд улс төр эсвэл бизнес эрхлэгчийн нөлөөлөл орсон байх магадлалтай гэж ярьж байна. Ер нь арилжааны банкуудын цаана гаднын, ялангуяа улс төрийн нөлөөлөл хэр байгаа бол. Үүнийг юу гэж бодож байна вэ?

-Дотор нь ороогүй учраас сайн мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, айлын гэрт орж амьдраагүй учраас юу болсныг батлан хэлж чадахгүй. Гэхдээ мэргэжлийн хүний хувьд банкны үйл ажиллагаанд хөндлөнгийн нөлөөлөл орвол эрсдэл учруулдаг гэдгийг баталгаатай хэлж чадна. Хөндлөнгийн нөлөөлөл гэдэгт улс төрийн буюу улс төрийн хүчин намын халхавчин доор банкны үйл ажилла­гаанд нөлөөлж эрсдэлд оруулдаг. Зээлээ шинжилгээ судалгаагүй олгож чанар нь муудаж эргэн төлөлтгүй болсноос банк дампуурдаг. Ялангуяа зээл олголтод улс төрийн нөлөөлөл орвол тун аюултай. Нөгөө талаас хувь хүмүүс буюу банкны хувьцаа эзэмшигчид өөрсдөө хэмжээ хяз­гаар­гүй зээл авах нь банкийг эрсдэлд оруулах шалтгаан болдог. Хуулийн дагуу нэг хувьцаа эзэмшигч дангаа­раа өөрийн хөрөнгийн 5-аас илүүгүй хувийг л зээлэх боломжтой. Гэтэл тэр хэмжээгээ хэтрүүлбэл тухайн банк ирээдүйгүй болно гэсэн үг.Мөн банкны гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн гишүүд хууль журамд зааснаас илүү хэмжээгээр зээл авч байгаа бол банкийг мөн ирээдүйгүй болгоно. Эдгээр бүх зүйлийг холбогдох этгээ­дийн зээл гэж нэрлэдэг. Тухайлбал, манай улсын банкны салбарт өнгөрсөн 22 жилийн хугацаанд 30 гаруй банк дампуурсан байна. 1990 оноос хойш арилжааны банкны систем хөгжиж ирсэн. Одоогоор 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл энэ хугацаанд 30 гаруй банкны үйл ажиллагаа зогсч, дампуурсан нь холбогдох этгээдийн хэмжээ хяз­гаар­гүй зээл авснаас болсон. Эсвэл удирдлагын арга барил, туршлага дутснаас болсон байдаг. Зарим тохиолдолд улс төрийн нөлөөлөл орсон байх магадлал маш өндөр. Монголбанкны мэдээлснээр Хадга­ламж банк нэг зээлдэгчид олгох ёстой таван хувиас хэд дахин өндөр зээл өгсөн байгаа юм. Ингэж болохгүй.

Одоо үйл ажиллагаагаа явуулж буй 14 банкны хувьд хол­богдох этгээдэд хэр найдвартай зээл олгож байгаа бол?

-Банкны хууль, Монголбанкнаас гаргасан дүрэм журмаар бол бүх банк холбогдох этгээдэд өгсөн зээлийн мэдээллийг нийтэд ил тод болгох ёстой байдаг. Тухайлбал, өөрийн цахим хуудсандаа байрлуулсан байх. Арилжааны 14 банкны вэб хуудас руу ороход ард иргэдэд нээлттэй байх ёстой. Одооноос эхлэн зарим банк мэдээллээ тавьж эхэлж байна. Энэ нь ард иргэдэд хууль дүрмийг хэрхэн биелүүлж байгаагаа тайлагнаж байгаа нэг хэлбэр. Ер нь холбогдох бүх этгээдэд олгосон зээл өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэсэн журам байдаг. Өөрөөр хэлбэл тухайн банкинд холбогдсон дөрвөн хүн байлаа гэж бодоход тав, таван хувиас хэтрэхгүй байх. Түүнээс илүү зээл авахыг нь хориглосон байдаг. Банк бол нийтэд үйлчилдэг байгууллага болохоос банк байгуулсан хувьцаа эзэмшигч, удирдлагыг хөлжүүлэх байгууллага биш.Монголбанк эдгээр дүрэм заалтыг мөрдөж байгаа эсэх хяналтыг банкуудад тавьдаг. Сар, улирал жилээр тайлан хүлээн авдаг. Хэрвээ заалт зөрчсөн байх юм бол акт, торгууль тавих эрх мэдэлтэй байгууллага. Тиймээс хууль дүрмээ мөрдөхгүй байгаа банкууд урт наслахгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт үүд хаалгаа барьдаг. Энэ нь зөвхөн Монголд ч биш гадаадад ч байдаг.

Нийт 14 банкны эхний тавд лиргэдийн олонх нь үйлчлүүлдэг. Энэ их төвлөрөл эргээдтухайн банкуудын хадгаламж эзэмшич­дэд эрсдэлтэй биш үү?

-Том таван банкинд эргэлдэж буй хөрөнгө нийт банкны салбарын хөрөнгийн 90 хувьтай тэнцдэг. Үүнийг төвлөрөл их байна гэж ярьдаг. Таван банкны хувьд 90 хувьтай тэн­цэх нь жижиг эдийн засагтай манай орны хувьд боломжийн, хэвийн үзэгдэл гэж бодож байна. Эдийн засагт эргэлдэж буй хөрөнгө мөнгө олон банкинд тарж байрших нь эрсдэлийн талаасаа сайн юм шиг мөртлөө банкны үйлчилгээг илүү үнэтэй болгодог. Учир нь банк бүр хүн ажил­луулж байшин барилгыг түрээслэж, эсвэл барьж сууна, компьютерийн үнэтэй систем худалдаж авна, машин унана, ажилчдынхаа цалинг өгнө. Энэ мэт зардлаа дийлэхээ больдог. Өөрөөр хэлбэл, зардал нь орлогоосоо их болох аюултай байдаг. Зардлыг харилцагчийн нуруун дээр үүрүү­лэхээс өөр аргагүйд хүрч зээлийн хүү өндөр болно. Тиймээс алтан дунджийг олж барих асуудал чухал байдаг. Үүнийг зах зээл өөрөө шийддэг. Тухайлбал, Англи улсад лицензтэй таван банк байдаг. Гэтэл манайд лицензтэй 14 банк байна.

Ер нь манай улсын арилжаа­ны банкуудын бүтэц систем хэр сайн бүрэлдэн тогтсон байна вэ?

-1990 оныг бодвол тэнгэр газар шиг ялгаатай болж дэвшил гарсан. Дэвшилтэй байгаа ч дүрэм журам, Монголбанкнаас гаргасан шалгуур үзүүлэлтийг зөрчиж байгаа бол ямарч нэмэргүй, ирээдүйгүй. Өнөөдөр хамгийн хүчтэй боловсон хүчнээр хангагдсан, удирдлага нь сайн банк байж болно. Гэхдээ банкны байгуул­лагын бүтэц маш эмзэг. Хувьцаа эзэмшигчид хууль дүрмийг зөрчвөл банк хаагдах аюултай. ТУЗ, гүйцэтгэх удирдлага ч мөн адил. Банкны үйл ажиллагааг зохицуулсан хууль дүрэм журмыг зөрчих юм бол хүнд байдалд орох аюул хэзээд байдаг. Тиймээс хууль, дүрэм журмыг хатуу чанга сахиж гэмээнэ банкны үйл ажиллагаа эрсдэл багатай, тогтвортой байна.

Хадгаламж банктай холбоо­той үүссэн нөхцөл байдал бусад банкинд нэг талаараа аюулын дохио болсон байх. Тийм үү?

-Зайлшгүй том дохио болсон. Үүнээс сургамж аваад хувьцаа эзэмшигчдийн үүрэг хариуцлага илүү өндөрсөх ёстой. Учир нь, банк бол нэг талаараа онцгой эрхтэй аж ахуйн нэгж. Нийт иргэдээс хадгаламж авах онцгой эрхтэй. Гэтэл жирийн аж ахуйн нэгжид иргэдээс хадгаламж авах эрх байдаггүй. Нэгэнт ийм онцгой эрх дархыг авсан аж ахуйн нэгж онцгой үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрхтэйгээ тэнцүү үүрэгтэй байх. Үүргийг бүрэн дүүрэн ухамсарлах нь ярихад хялбархан хэр­нээ өдөр тутам мөрдөхөд ярвиг­тай, дүрэм журмыг гажуудуулах гээд байдаг. Тэгэхээр гажуудуулахгүй, дүрэм журмыг чанд мөрдөх нь чухал.

Сар бүрийн статистикийн мэдээнээс банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өндөр гарсан харагддаг. Ер нь цаашид банкууд зээлийг хэрхэн үр дүнтэй болго­вол зохилтой вэ?

-Чанаргүй зээл гарч байгаа шалтгаан нэгдүгээрт, банк судалгаа шин­жилгээгээ дутуу хийснээс бол­дог. Төлбөрийн чадварыг нь хэт өндөр үнэлсэн. Гэтэл үнэн хэрэгтээ зээлдэгч зээлээ төлж чадахгүй байдалд байдаг. Дараагийнх нь дутуу буруу мэдээлэл өгч, үнэн нүүр царай­гаа нууж, банк хууртах тохиолдол гардаг. Гуравдахь шалтгаан нь банк, зээлдэгчээс хамаарахгүйгээр давагдашгүй хүчин зүйл байж болно. Энэ нь эдийн засгийн болон гадаад зах зээлийн хямрал, үнийн уналт, инфляц зэрэг зүйлүүд нөлөөлдөг. Тэгэхээр хүрээлэн буй орчин цул эрсдэл гэсэн үг. Бүх эрсдэлийг хаасан ч гэсэн тэнгэрээс сүүлт од ирж мөргөж магадгүй гэдгийг байнга тооцоолж зээл ойлгож байх хэрэгтэй. Чанаргүй зээл гарахад нөлөөлж буй бас нэг зүйл нь шүүхийн тогтолцоо. Зээлдэгчийн талд ажиллах, эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэл удаан байгаагаас болдог. Зарим эд хөрөнгийг хураах гэж 5-6 жил болдог. Өөрөөр хэлбэл, зээлээ төлөхгүй байгаа хүний эд хөрөнгийг хураах гэж зургаан жил болох тэр хугацаанд банк алдагдалд орж, хадгаламж эзэмшиг­чид хохирч байна гэсэн үг. Банкны мөнгө гэдэг нь хадгаламж эзэмшигч­дийн мөнгө. Тиймээс энэ зарчмыг зөв ойлгож, Шүүхийн шийдвэр гүйцэт­гэлийн алба шуурхай ажиллавал чанаргүй зээлийн хэмжээ багасна. Гэхдээ манай нийт банкны салбарын чанаргүй зээл бусад улс орнуудтай харьцуулахад муу биш боломжийн хэмжээнд байгаа.

Хяналтын систем муу ажил­лас­наас банкны үйл ажиллагаа доголддог гэж ярьдаг. Ер нь манай улсын банкуудыг Монголбанкны хяналт шалгалтаас өөр хянах ямар систем байна вэ?

-Хяналт хангалттай хэмжээнд байгаа. Банкны өөрийн дотоод хянал­таас эхэлдэг. Банкны бүтэц зохион байгуулалт дотор дотоод хяналт гэж бий. Бүх үйл ажиллагааг хянах ёстой. Дотоод хяналтын алба нь буруу зөрүүгээ ТУЗ-д шууд тайлагнадаг. Томоохон зөрчлийг хувь нийлүүлэгчдэд тавьдаг. Дотоод хяналт сайн ажиллахгүй бол банкны үйл ажиллагаа явахгүй. Нөгөөтэйгүүр ТУЗ нь банкаа хянах үүрэгтэй. Мөн хувьцаа эзэмшигчид давхар хянах ёстой. Гэтэл хувьцаа эзэмшигч нь өөрсдөө зээл авчихвал яаж хянах вэ. Дараагийнх нь Монголбанкны хяналт. Тус байгууллага нь хяналт шал­галтыг газар дээр ньхийж, сан­хүүгийн тайлан балансыг шалгаж, байнга алсаас хянадаг. Үүний дараа хөндлөнгийн аудитын компаниудын хяналт шалгалт гэж бий. Монголд нэлээд аудитын компани байна. Гаднынх ч байна. Томоохон банкууд ихэвчлэн гадаадын аудитын банкаар шалгуулж байна. Мөн дээрээс нь зэрэглэл рейтэнг тогтоодог компа­ниуд ирж тухайн банкны үйл ажиллагаа олон улсын дүрмийн дагуу явж байна уу гэдгийг шалгадаг. Дараагийн хамгийн том хяналт нь харилцагчдын хяналт. Харилцагчид банкны үйл ажиллагааг өөрийн хэм­жээндээ өдөр тутам хянах бололцоотой. Тайлан баланс нь улирал тутамд сонинд нийтлэгддэг. Тэрийг нь мэргэжлийн хүнд үзүүлж санал хүсэлтийг нь авах боломжтой. Энэ талын үйлчилгээ манайд дутмаг байна. Хөндлөнгийн ажиглагчид. Зах зээлийн хөндлөнгийн ажиглагчид тухайн банкны талаарх дүгнэлтээ гаргаж харилцагчдад үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Энэ мэт хяналтын давхар бүтцүүд хангалттай байгаа юм.Энэ давхар хяналтууд чанаргүй, хэлбэржсэн, нүд хуурсан байвал ямар ч үр дүнгүй. Хамгийн гол нь давхар хяналтууд нэгэн зэрэг бүгд ажиллаж, чанартай, үнэн бодитой, шударга байх ёстой. Ингэж гэмээнэ банк аюулгүй ажиллаж хөгжинө. Хадгаламж банкны хувьд хяналтын систем нь алдагдсанаас ийм байдалд хүрсэн байх гэж таамаглаж байна.

Тэгэхээр цаашид банкууд хэрхэн ажиллах хэрэгтэй гэж та бодож байна?

-Банкны хувьцаа эзэмшигчдийн хариуцлага маш өндөр төвшинд байх ёстой. Үүнийг харилцагчид, хяналт шалгалтыг хийдэг Монголбанк ч шаар­дах хэрэгтэй. Хоёрт, банкны байгууллагын өөрийнх нь үзэл санаа өөрчлөгдөх ёстой. Банк зөвхөн мөнгөний төлөө, зөвхөн ашгийн төлөө байгууллага биш. Банк олон нийтэд үйлчилдэг нийтийн төлөө байгууллага. Зээл олгосон иргэн, аж ахуй нэгжийн ашиг орлогыг нэмэгдүүлж амьдралын төвшинг нь сайжуулсан байх ёстой. Гэтэл олгосон зээл нь өрийн дарамтад оруулж айдаст автуулдаг байх ёсгүй. Тэр хэмжээний зээлийг банк ха­рилцагч хоёр харил­цан тохиролцож зээлийн гэрээгээ зурж авах ёстой. Тэгж байж зээлийн ач тус хүндээ наалдаж, банкинд ч аюулгүй болдог. Энэ үзэл санааг бан­кууд хэрэгжүүлж, анхаарч ажил­лах нь зүйтэй. Гуравт, олгосон зээл нь байгаль орчныг сүйтгэхэд зориулсан байх ёсгүй. Эргээд байгаль орчинд ээлтэй нөхөн сэргээлт хийх шаардлагыг тавьсан нөхцөлд зээл өгөх. Энэ үз­лийг банкууд хөгжүүлэх ёстой. Дараа­гийн нэг гол зүйл нь банк улс төр бо­лон хөндлөнгийн зүй бус нөлөөллөөс ангид байх хэрэгтэй. Тухайлбал, манай “ТэнГэр” санхүүгийн нэгдэл энэ сарын 1-нээс эхлэн улс төрийн нөлөөллөөс ангид байх тушаал гарч ажилчид мөрдөж эхэллээ. Энэ нь юу гэхээр санхүүгийн үйлчилгээний байгууллага нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас хадгаламж авч төлбөр тооцоо хийж зээл олгодог байгууллага. Эдгээр байгууллагад улс төрийн харьяаллыг асуухгүйгээр эрх тэгш үйлчилдэг. Тэгсэн мөртлөө цаагуураа аль нэг намын талд захирал, ажилчид нь орж улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, өөрийн албан тушаалын давуу байдлыг ашиглаж болохгүй. Тиймээс манай “ТэнГэр” санхүүгийн нэгдлийн удирдах ажилтан, ямар нэг ажилтан улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол сонголтоо хийнэ. Улс төрөө сонгож ажлаасаа гарах эсвэл ажлаа сонгож улс төрөөс хол бай гэсэн шийдвэрийг мөрдөж эхэлж байна. Энэ нь банкны байгууллагыг улс төрөөс хараат байлгах чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Бусад банк ч бас үүнийг дагаасай гэж хүсч байна.